Monday, November 7, 2011

Эгшигт охин тэнгэрийн хөвгүүн

1992 оны намар Монгол телевизд сурвалжлагч,хөтлөгч шалгаруулж авна гэсэн зар явлаа.Тэр дагуу би очиж бүртгүүлбэл зуугаад залуучууд ур чадварын шалгалт өгөхөөр цугласан байв.Бие биенээ огт танихгүй,бишүүрхэнгүй зогсон,нэрээ дуудахыг хүлээх зуур нүүрэмгий туранхай бор залуу дөхөн ирж,хаанаас ирсэн, ямар мэргэжилтэй гэх зэргийг минь асуун,өөрийгөө Завханых,бага эмчийн мэргэжилтэй шүлэг бичдэг,анхны номоо гаргах санаатай гэх зэргээр тов тодорхой танилцууллаа.Шүлэг бичдэг,адилхан анагаахад сурч байсан нь тэр олон дундаас бид хоёрын илүү дотносохын шалтгаан болж,шалгалтын хоёр гурав хоногийн дотор сайхан найзууд боллоо.Тэгээд ч зуугаад залуусын дотроос тэнцсэн нь бид хоёроос гадна өөр гурав дөрвөн залуу  л байсан юм.Ууганаа маань “Цагийн хүрд”-д сурвалжлагч ,би Хүүхдийн редакцид туслах найруулагчаар ажиллахаар болов.Ингэж л бид хоёр өдөр бүхэн уулздаг,утга зохиолын тухай

мэдсэн дуулснаа ярьдаг,голдуу мань хүн ярьж ,шүлгээ уншиж,би амаа ангайн сонсоно доо.Өөрийн болоод бусдын олон шүлгийг цээжээр урсгаж,нэг их сайхан гэнэн мөрөөдөмтгий нь надад таатай санагдана.Намайг шүлгээ унш,хэр олон шүлэгтэй вэ хэмээн шалгаах боловч би олон шүлэг бичээгүй,хүнд нэг их үзүүлдэггүй,цээжээр мэддэгүй гэсэн  шалтгаан тоочин цааргална.Найз маань хэнтэй ч их эвсэг,найрсаг харьцана.Телевизийнхэнтэй аль хэдийнээ танилцаж,найз нөхөд,ах дүү болчихсон,энэ хүн манай Завханых гээд удам судраар нь мэдчихсэн байдагсан.Ажилд орсны дараа хавар Ууганаа маань  намайг дуудаж,-Хоёулаа утга зохиолын дээд сургуульд орьё.Би бол орохоор шийдсэн.Шинэ сургуулийн анхны оюутан больё л доо.Газар газрын олон сайхан яруу найрагчидтай танилцана шүү дээ...” гэж дээр дээрээс нь давхцуулан ярьсаар миний сэтгэлийг бүүр хөдөлгөж орхилоо.Би ч тэр дорхноо зөвшөөрч,намар нь гэхэд “Бэрс” дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн оюутан болдог юм байна.Найз маань жирийн нэг оюутан биш,Оюутны зөвлөлийн дарга ч билүү нэг сэтэр аль хэдийнээ зүүгээд амжжээ.Хавар ярьж байснаараа ёстой л газар газрын,нутаг нутгийн шүлэг бичдэг залуусыг нэг доор,нэг ангид  цуглуулж чаджээ.Увсаас Я.Бадамсүрэн,Завханаас Ц.Бавуудорж, Ховдоос Н.Баасанжав,Дорнодоос Ц.Бат-Орших,Хөвсгөлөөс Б.Мягмаржав... гээд олон сайхан яруу найрагчид ирсэн байлаа.Утга зохиолын урланг төрийн соёрхолт,СГЗ Дарма.Батбаяр багш удирдана.Энэ л хичээл бидний хамгийн сонирхолтой,хүсэн хүлээдэг ганц хичээл байлаа.Тус урланд дээрх нөхдөөс гадна М.Амарбаяр,Я.Мөнхжаргал,Л.Пүрэвням,Ч.Туул,Орхонтуул,С.Бямбасүрэн,Мөнгөнтуяа,Оюунчимэг,Байгалмаа...зэрэг зэрэг оюутнууд нэгдэн нэгэн гал болно.Үймээн шуугиан,үлгэр жишээ аль алинийг нь энэ хэдэн нөхдүүд л үзүүлнэ шүү дээ.Одоо энэ галынхан ихэнх нь анхны номоо уншигч олондоо өргөн барьснаас гадна зарим нь ард түмний хүндтэй уран бүтээлч болжээ.Би гэдэг хүн энэ л нөхдийн дунд нүдээ нээж,утга зохиолын дөртэй болж,урлан бүтээхийн жаргал зовлонг амссан азтай хүн.Өчүүхэн намайг олны дотор оруулж,жинхэнэ утга зохиолын үүд хаалгыг надад нээж өгсөн хүн бол миний эрхэм дотнын  анд,Завхан аймгийн Завханмандал сумын харьяат,авьяаслаг яруу найрагч Чойжилсүрэнгийн Ууганбаяр билээ.Оюутан байхаасаа л бид хоёр тухайн үеийн “Засгийн газрын мэдээ”,”Хөдөлмөр” сонин,”Алаг хорвоо”,”Хонгорзул “ сонинуудад  хамт ажиллаж амьдрал ахуйдаа нэмэрлэнэ..Хэрвээ Ууганаа бид хоёр уулзаж танилцаагүйсэн бол би өдийд сэтгүүлч болоочуу үгүй чүү,энэ олон сайхан нөхөөдтэйгөө жаргал зовлонгоо хуваалцан хориод жил нөхөрлөөчүү ,үгүй чүү.Хэдийгээр урлангийн хэд маань дотно сайхан андууд болсон хэдий ч ажил амьдралын эрхээр барагтай л бол уулзалдахгүй.Хааяа нэг цуглах болвол тэр бүхнийг Ууганаа л зохицуулна.Ингэж л миний амьдралд өгүүлж баршгүй тус хүргэсэн хүн бол эрхэм анд Ууганаа минь хэмээн би үргэлж сүслэн боддог юм.
Анд минь мөнчиг уяхан найрагч байсан даа.Охид бүсгүйчүүдийн гоо сайхныг магтан дуулж,Завхан нутаг,Сартуулын тухай нүдэнд харагдтал ярина.”Шүргэсхийгээд өнгөрөхөд гурван өдрийн зовлон нимгэрэх Шүхэрдулам...”,”Дуулаад л явмаар холын хайр Хөхцавын бүсгүй...”,”Гоо төгөлдөр Ариунмөр...”,”Харцанд нь өртсөн эр хүн,гучин жил дэмий тэнэмээр Нансалмаа...”,”Хаврын шөнийн анхилхан сар мэт Анхтуяа...”,”Намар оройтож ниссэн увуу Банзрагчмаа...”,”Газарт үзэгдсэн тэнгэрийн сэндэр охин Ундраа..”,”Дарьгангын охид даруухан хэрнээ ширүүхэн,Давхраат алаг нүд нь дэргэд нисээд ирсэн лимбэний аялгуу...” гээд л уянгалуулж гарна.Сайхан бүсгүйн тухай сайхан шүлгийг анд минь л бичиж байж дээ.
“Цөлийн чоно мэт ганцаардавч цөс ихтэй хүний үр би...” хэмээн хийморь юугаан асаан, цог золбоогоо бадруулж,Отгонтэнгэрийн адистэдээр онгодоо хөглөж залуу нас,хүсэл тэмүүлэл,ухаарал гэгээрэл,ертөнцийн жам ёсны гэрэлт бадгуудаа мөнхлөн сийлж,уянгалан дуулсан Эгшигт охин тэнгэрийн хөвгүүн билээ,анд минь.
“Явуу цагаан сар шиг зүрхтэйсэн билээ би
Ятга шанзны эгшиг шиг сэтгэлтэйсэн билээ би
Яруугийн голын ус шиг сэрүүн нүдтэйсэн билээ би
Ялдам хонгор талын салхи шиг зантайсан билээ би “ хэмээн тэр өөрийгөө “зурсан” байдаг юм.Яг л тийм яруухан хөгжим муу найзийнх нь сэтгэлд ягуухнаар эгшиглэсээр л байх юм даа,Ууганаа минь...    
                                                              Т.Эрдэнцогт
                                                              2009 он. Ирланд.Даблин хот
                                                              2011 он. Улаанбаатар

3 comments:

  1. Baigaa. Ter hun bidnii dund amidarsaar baigaa...

    ReplyDelete
  2. Sain humuus urgelj duursagdaj baidag ni saihan shv

    ReplyDelete
  3. үүнийг уншаад нулимсаа барьж чадсангүй ээ....бурхан бумбын орондоо үзээгүй жаргалаа үзэж,үргэлж биднийгээ гийгүүлж амьдраарай!

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.