Monday, August 16, 2010

Өнө мөнхийн цагаан суварга буюу Өндөр дээд Отгонтэнгэр

Эхлэл
Амгалан цагаан уулнаа
Арслан хүрхэрнэ
Аяа, тэр салхи мөн үү?
Асралт цагаан оргилд нь
Алтан хуур эгшиглэнэ
Аяа, тэр салхи мөн үү?
Авралт цагаан уулнаа
Агаарын будан туяарна
Аяа тэр салхи мөн үү?


Зориулал
Сансрын хязгаарыг гэтэлж
Сарны мандалд цайвалзсан
Орчлонгийн хаяаг давж
Огторгуйн мандалд хөвсөн
Газрын буурианаас тасарч
Гариг оддыг эрхшээсэн
Дэлхийн их уулсыг хураан захирч
Дээр хөхрөгчийн чимэг болон сүндэрлэх
Отгонтэнгэр хайрханд мөргүүлсэн
Эрхэм анд яруу найрагч

Ц.Бавуудорж, Ч.Ууганбаяр хоёртоо зориуллаа.


Өнө мөнхийн цагаан суварга буюу Өндөр дээд Отгонтэнгэр

Хамаг Монголын цагаан сүлд тэнгэр даллан намирна
Халхын их уулс хажуу бүрээс нь түшнэ.
Хатан тунгалаг гол мөрөн өлмий юугий нь ариулна.
Хаан суудалт уулнаа сэтгэлийн хадаг цэнхэртэнэ.
Бүх Монголын цагаан сүлд сансар эзлэн сүндэрлэнэ.
Бүгдийн дээд бурхан маань хөгжөөн залбирна.
Богдын лүндэн мэт ариусал яруусалд сүлэгдэнэ
Хөх Монголын ариун сүлд хөрст эзлэн мандана.
Хөрст эзлэн мандахдаа хүмүүн заяаг ивэлгэнэ.
Хүмүүн заяаг ивэлгэхдээ хийморийн хүлгийг гуруйлна
Хийморийн хүлгийн сахиус нь хөлгөн их Отгонтэнгэрээ,
Алтан шашир дэлтэй хийморийн цагаан хүлэг нь
Ариун Шамбалын зүг эрчлэн хуйлран дүүлнэ
Ариун тэр шамбал нь амгалан хөх тэнгэрээ
Амгалан хөх тэнгэр нь ариун бурхны орон оо.
Мөнгөн шашир дэлтэй хийморийн цагаан хүлэг нь
Мөргөлийн орны зүг эрвэлзэн дэрвэлзэн дүүлнэ.
Мөргөлийн тэр орон нь мөнх хөх тэнгэрээ
Мөнх хөх тэнгэр нь мянган бурхны орон оо.
Хул шашир дэлтэй хийморийн цагаан хүлэг нь
Хутагтын орны зүг тэмүүлэнхэн дүүлнэ
Хутагтын тэр орон нь хурмаст хөх тэнгэрээ
Хурмаст хөх тэнгэр нь хувилгаан богдын орон оо.
Очир завилгаат Отгонтэнгэр
Орчлонгийн амьтныг баясгана
Оройн дээд хөх мандалд нь
Огторгуйн одод бадамлана.
Богдын завилгаат Отгонтэнгэрт
Буяны үр арвижна
Бурхны бүрэлбаат ууланд
Бусдын төлөө залбирна.
Ноён олбогт Отгонтэнгэрээс
Номын дуу цуурайтна
Номин цэнхэр мандалд нь
Ногоон дарь эх тодорно.
Чойжин дүртэй Отгонтэнгэрээс
Чойрын дуун эгшиглэнэ
Цалин цэнхэр мандалд нь
Цагаан дарь эх үзэгдэнэ
Хаан сэнтийт Отгонтэнгэрт
Хамаг бүгдээр мөргөнө.
Харц сэтгэл минь бадарч
Харцагын жигүүрийг олно.
Бурхны мэлмийт Отгонтэнгэрт
Бурсан хуваргууд залбирна
Буурай номхон сэтгэл бадарч
Бүргэдийн жигүүрийг олно.

Огторгуйн хорол тооно буюу оройн дээд Очирваань
Ерөн есөн тэнгэрийг ивж тогтсон Очирваань
Цагаан зүгийн тэнгэрийн бүлж тогтсон Очирваань
Хар зүгийн тэнгэрийг хааж тогтсон Очирваань
Үелэн цэнхэртэх тэнгэрийн үндэс болсон Очирваань
Уул уулын оргилоос ургаж цогцолсон Очирваань
Ус усны өлмийнөөс оргилон ундарсан Очирваань
Цаст уулсын дээгүүр цамнаж харайсан Очирваань
Цал буурал хурмастыг тулж зогссон Очирваань
Орчихуйн чанад оройн дээд Очирваань
Магтахуйн чанад магнайн дээд Очирваань
Сүслэхүйн чанад шүтээн дээд Очирваань
Золгохуйн чанад зулайн дээд Очирваань
Дөрвөн зүгээс харвал дөрвөн хүчтэн Очирваань
Найман зовхисоос харвал найман тахил Очирваань
Арван зүгээс харвал арван хангал Очирваань
Зүг зүгээс үзвэл зүрхэн хэлбэрт Очирваань
Таван өнгийн арц нь тахилын таван өнгө
Найман зүйлийн нуур нь бурхны найман мөр
Далай ламын адистай догшин ширүүн Очирваань
Даяарыг бөхийлгөгч төрийн тахилга болсон Очирваань
Тэнгэрийн мандалд хөвөх ангир цагаан уул
Тэргүүндээ наран саран эрхшээсэн арслан цагаан уул
Элэнц хуланц эцэг дээдсийн ерөөл буянтай эрдэнийн цагаан уул
Эрин жарны өрлөг түүхийн өндөр суврага-хүрдэн цагаан уул


Бударсан хөх сансрын
Бадарсан цагаан уул
Манарсан хөх тэнгэрийн
Мандсан цагаан уул
Сарны гэгээнд цайвалзсан
Салхин цагаан уул
Цасны гэгээнд цахилсан
Цагаан гарьд уул
Сартай зэрэгцэн мандсан
Тэнгэрийн садан уул
Бурхантай зэрэгцэн мэндэлсэн
Буяны садан уул
Хувилгаан тодруулсан - Очирваань
Хутагтаар түшүүлсэн - Очирваань
Хурмастаар тэтгүүлсэн - Очирваань
Хураар ариулсан - Очирваань
Далай их сүсгийн орон - Очирваань
Догшин дүртийн гүнгэрваа - Очирваань
Дээрхийн мөнгөн зулай - Очирваань
Дорнын алтан ембүү - Очирваань
Сүүдрий нь тойрч гармаар - Очирваань
Сүнсээ даатгаж үлдээмээр - Очирваань
Сүлдээ тэтгэж тахимаар - Очирваань
Сүмбэр их буяны орон - Очирваань
2000.10.22
2001.6.22
Завхан -Улаанбаатар

2 comments:

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.