Tuesday, April 10, 2012

Дэлхийн яруу найргийн нийслэл-Струга


        
Македон улс хоёр нийслэлтэй ажээ.Энэ улсад  анх миний хөл тавьсан газар бол тус улсын нийслэл Скопье хотоос холгүй орших Их Александр хааны нэрэмжит Олон улсын нисэх онгоцны буудал.Харин яаран зорьж яваа газар бол Дэлхийн яруу найргийн нийслэл Струга хот билээ.Онгоцны буудал дээр намайг тосож авсан Лий ахын тайлбарласнаар Струга хот эндээс 180 км юм байна.Газар газрын яруу найрагчид дөрвөн зүг найман зовхисоос цугларан ирж ид халуухан бужигналдаж байгаа гэнэ.Нов ногоон моддоор өвч бүрхэгдсэн өндөр өндөр хүглэгэр уулсыг ороон, өгсөж нэг,уруудаж нэг давхих зууртаа би Македоны тухай, Лий ах Монголынхоо тухай асуун ам хуурайгүй явсаар зорьсон газартаа хүрээд ирлээ.Македоны сувд болсон үзэсгэлэнт Охрид нуурын эрэг дээр орших Струга хот.Энэ цэмцгэр жижигхээн хотод Македоны орчин үеийн утга зохиолыг үндэслэгч гэгддэг ах дүү Миладиновчууд төрөлх хотдоо яруу найргийн уншлага анх зохиосноос хойш өнөөг хүртэл дэлхийн олон улсын яруу найрагчид жил бүрийн намар нуурандаа чуулах шувууд мэт зорин ирсээр даруй тавин оныг үджээ.Энэ хугацаанд дэлхийн ерэн таван орны таван мянга гаруй зохиолч яруу найрагчид,судлаач шүүмжлэгч,орчуулагчид Стругагийн яруу найргийн үдэшд оролцсон байна. Харин энэ жил  Иран, Ирак ,Орос,Хятад,Израйль, Палестин, Чили,Конго зэрэг тавиад орны зуун ная орчим зохиолч,яруу найрагчид ирсэн байлаа. Африк болоод Арабын орнуудын зохиолчдын ихэнх нь Европт амьдардаг нь тэдний нэрийн хуудаснаас тодорхой.Францад амьдардаг Конго улсын яруу найрагч Кама Каманда гэгдэх наргианч өндөр хар эр энэ наадамд арваад жил бас бус олон яруу найрагч сүүлийн жилүүдэд тогтмол оролцож байгаа юм байна.Тавин жилийнх нь ой тохиож байгаа учраас энэ жил илүү их хөлтэй болох гэнэ. Газар газрын яруу найрагчид шуугилдан бужигналдсан Дрим зочид буудлаар илүү үгэнд дурлан “тэнэж” явсаар энэ мэтийг олж мэдэв.Дрим зочид буудал гэснээс Лий ах бид хоёрын буусан 407 тоот өрөө нуур луугаа харсан цонхтой,байгалийн гоо үзэсгэлэн,нуурын толин цэнхэр мандлыг харан сатаарах сайхан завшаан тохиосонд юм үзэж нүд тайлаагүй би уулга алдан баярлавал Лий ах:        “-Эрхэм яруу найрагчийн уран бүтээл арвин байж,онгод хийморь нь бадраг гэж зориуд захиалсан юм” гэдэг байгаа.Би ч эрхэм ахад хариу талархал илэрхийлэн олон шүлэг бичнэ,энээ тэрээ гэж баахан ам гарч