Tuesday, April 10, 2012

Дэлхийн яруу найргийн нийслэл-Струга


        
Македон улс хоёр нийслэлтэй ажээ.Энэ улсад  анх миний хөл тавьсан газар бол тус улсын нийслэл Скопье хотоос холгүй орших Их Александр хааны нэрэмжит Олон улсын нисэх онгоцны буудал.Харин яаран зорьж яваа газар бол Дэлхийн яруу найргийн нийслэл Струга хот билээ.Онгоцны буудал дээр намайг тосож авсан Лий ахын тайлбарласнаар Струга хот эндээс 180 км юм байна.Газар газрын яруу найрагчид дөрвөн зүг найман зовхисоос цугларан ирж ид халуухан бужигналдаж байгаа гэнэ.Нов ногоон моддоор өвч бүрхэгдсэн өндөр өндөр хүглэгэр уулсыг ороон, өгсөж нэг,уруудаж нэг давхих зууртаа би Македоны тухай, Лий ах Монголынхоо тухай асуун ам хуурайгүй явсаар зорьсон газартаа хүрээд ирлээ.Македоны сувд болсон үзэсгэлэнт Охрид нуурын эрэг дээр орших Струга хот.Энэ цэмцгэр жижигхээн хотод Македоны орчин үеийн утга зохиолыг үндэслэгч гэгддэг ах дүү Миладиновчууд төрөлх хотдоо яруу найргийн уншлага анх зохиосноос хойш өнөөг хүртэл дэлхийн олон улсын яруу найрагчид жил бүрийн намар нуурандаа чуулах шувууд мэт зорин ирсээр даруй тавин оныг үджээ.Энэ хугацаанд дэлхийн ерэн таван орны таван мянга гаруй зохиолч яруу найрагчид,судлаач шүүмжлэгч,орчуулагчид Стругагийн яруу найргийн үдэшд оролцсон байна. Харин энэ жил  Иран, Ирак ,Орос,Хятад,Израйль, Палестин, Чили,Конго зэрэг тавиад орны зуун ная орчим зохиолч,яруу найрагчид ирсэн байлаа. Африк болоод Арабын орнуудын зохиолчдын ихэнх нь Европт амьдардаг нь тэдний нэрийн хуудаснаас тодорхой.Францад амьдардаг Конго улсын яруу найрагч Кама Каманда гэгдэх наргианч өндөр хар эр энэ наадамд арваад жил бас бус олон яруу найрагч сүүлийн жилүүдэд тогтмол оролцож байгаа юм байна.Тавин жилийнх нь ой тохиож байгаа учраас энэ жил илүү их хөлтэй болох гэнэ. Газар газрын яруу найрагчид шуугилдан бужигналдсан Дрим зочид буудлаар илүү үгэнд дурлан “тэнэж” явсаар энэ мэтийг олж мэдэв.Дрим зочид буудал гэснээс Лий ах бид хоёрын буусан 407 тоот өрөө нуур луугаа харсан цонхтой,байгалийн гоо үзэсгэлэн,нуурын толин цэнхэр мандлыг харан сатаарах сайхан завшаан тохиосонд юм үзэж нүд тайлаагүй би уулга алдан баярлавал Лий ах:        “-Эрхэм яруу найрагчийн уран бүтээл арвин байж,онгод хийморь нь бадраг гэж зориуд захиалсан юм” гэдэг байгаа.Би ч эрхэм ахад хариу талархал илэрхийлэн олон шүлэг бичнэ,энээ тэрээ гэж баахан ам гарч
орхив. Маргааш өглөө нь эртлэн босож энэ жилийн “Алтан титэм”-ийн эзэн Македоны нэрт
яруу найрагч ,орчуулагч Матэ Матевскийн “Яруу найргийн цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарих ёслолд очлоо.Тухайн жилд энэхүү эрхэм шагналыг авсан найрагч мод тарих уламжлал тогтсоноос хойш энэ хот дэлхийд өөр хаана ч байхгүй нэгэн сайхан цэцэрлэгтэй болжээ.Тэнгэр хурмастын орой руу тэмүүлэн ургасан царс моддын зарим нь нялхаараа туялзаж байхад зарим нь газар дэлхийн гүн рүү үндсээрээ ярган ,тэвэрт багтамгүй бүдүүрч,тэнгэрт тулам өндөр чилгэр болжээ.Хотын дарга бадриун албани эр “Алтан титмийн эзэн”-д мод суулгах газрыг нь зааж өгөн энд цугларсан бүх яруу найрагчийн тарьсан мод манай хотыг чимэн ургах болтугай гэсэн ерөөлийн сайхан үг хэллээ.Мод тарих ёслол үйлдэж байх хооронд цэцэрлэгт хүрээлэнгээр түр зугаалав.Гучаад жилийн өмнө тарьсан  Андрей Вознесенский,Аллэн Гинзбэрг,Иосиф Бродский,Нобелийн шагналт зохиолч Шиймус Хээни,Томас Транстрүмэр нарын тарьсан модод өтгөн саглагар навчсаараа намрын зөөлөн салхийг хөглөж,найраг шүлгийн онгод хөгжөөнө.Ийн зугаалж яваад 1992 онд “Алтан титэм” авсан Унгарын яруу найрагч Ференц Юхас гэргий охиныхоо хамт хүрэлцэн ирж, тарьсан модоо эргэж тойрон, дурсгалын зураг татуулж байгаатай тааралдлаа.Буурал найрагчийн сэтгэл ихэд хөдөлсөн бололтой таягаа нэг авч нэг тавин,тэртээх хорин жилийн өмнөх гэгээн гэрэлт дурсамж сэтгэл зүрхэнд нь багтаж ядан байгаа нь илт.Бид зургаа авахуулж ,дахин уулзахын ерөөл тавилаа.Одод гүйцэд түгсэн хойно албан ёсны нээлт эхэллээ.Жаахан хожигдосхийгээд очвол Дрим голын хоёр эрэг,нээлтийн тайз зассан гүүрийн ойр орчим хөл тавих зайгүй хүмүүс дүүрчээ.Хүмүүсийн дундуур зүтгэлсээр арай сэлүүхэн газар очиж зогсон ёслол хүндэтгэл төгөлдөр нээлтийн ажиллагааг тавтайхан үзлээ.Ах дүү яруу найрагчдын нэг Константин Миладиновын алс тэртээ Москва хотод оюутан байхдаа эх нутгаа санагалзан бичсэн “Өмнөд нутгаа эгээрэхүй” дууг нэрт дуучин Благо Нацовски эгшиглүүлэх ахуйд Лий ах чихэнд шивнэх нь:”-Цаанаа байгаа хүмүүсээ харж байна уу,дунд нь зогсож байгаа нь Македоны ерөнхийлөгч,хажуудах намхан хүүхэн нь Соёлын сайд нь” гэлээ.Манай өндөрлөгүүд шиг ирж байна,явж байна гэж олны тав тухыг алдуулахгүй,хамгаалагчид нь мань мэтийгээ хажиглан ёворч нудрахгүй,бас ямбалж хөл хөсөөн болохгүй нээлтийн ажиллагааг зогсоогоороо үзчихээд даруухаан шиг яваад өгөх юм..Ёслол хүндэтгэл,сүр жавхлан төгөлдөр нээлтийн ажиллагаа өндөрлөмөгц нам гүм аниргүйхэн ахуй ноёлон яруу найрагчид араб нь арабаараа,хятад нь хятадаараа,орос нь оросоороо,монгол нь монголоороо  шүлгээ уншиж эхэллээ.Македончууд тэр дундаа Струга хотынхон энэ хорвоогийн дөрвөн зүг найман зовхисын яруу найрагчдын шүлгийг тавин жилийн турш сонсож байгаа хувьтай хүмүүс юмаа.Бие биенийхээ шүлгийг сонсож,хэрхэн яаж аашилж аяглахыг нь сонжин,иймэрхүү нөхөр ямархуу шүлэг бичдэг бол...хэмээн төсөөлөн бодож,сүүлд нь мэнд усаа мэдэлцэн танилцаж,номоо солилцон,ганц нэг бадгийг нь харжээ суух над мэтэд таатайхан л байлаа.Албан ёсны арга хэмжээ дуусмагц “Төгсгөлгүй үдэш”  эхэлнэ.Эхний үдэш ЮНЕСКО-гоос тухайн жилд хэвлүүлсэн яруу найрагчийн шилдэг номонд олгодог “Стругагийн гүүр”  шагналт Японы яруу найрагч Хироши Таниучигийн уран бүтээлийг танилцуулж,Македоны залуу яруу найрагчид шүлгээ уншин,жааз хөгжмийн аялгуу эгшиглэв.Энэ мэтээр бид долоон шөнө найргийн түүдэг галын илч гэрэлд дулаацан суулаа.”Ертөнцийг гоо сайхнаар нь хадгалахуй” симпозиум,”Славян хэлтнүүдийн яруу найргийн түүвэр” номын нээлт,Португалийн уран бүтээлчдийн хийсэн “Стругагийн яруу найргийн үдэш” баримтат кино үзэх урилга,Словак,Македон улс хоорондын соёлын хэлэлцээр,Францын хэвлэн нийтлэгчдийн эрхлэн гаргасан”Стругагийн алтан ном”-ын танилцуулга,Македон үндэстний орчин үеийн яруу найраг болоод хайку шүлгийн үдэш гээд ар араасаа хөвөрсөн арга хэмжээнд оролцсоор долоо хоног нүд ирмэхийн зуур өнгөрчээ.Энэ долоо хоногт газар газрын яруу найрагчдын шүлгээ уншихыг сонсох  илүү сонирхолтой байлаа.Литвийн яруу найрагч Сергей Тимофеев хөгжмийн аянд шүлгээ унших дуртай бол Английн яруу найрагч бүсгүй Сэли Крэбтри бүүр этгээд сонин.Тэр хөнгөн хөгжмийн аянд шүлгээ аялгуулан уншиж,бас бүжиглэж  ер нь л бэсрэгхээн багт наадмын тоглолт хийчих юм.Зохион байгуулагчид хаанахын хэн гээч найрагч хаана шүлгээ уншихыг урьдчилан товлосон байна.Зарим яруу найрагчид би шүлгээ уншилгүй удлаа ,яагаад намайг уншуулахгүй байна,яг одоо намайг зарла гэх мэтээр хөтлөгч нарыг тэвдүүлж байгаа харагдана.Харин би Лий ахынхаа буянаар тэгж адгаж тэвдэх шаардлагагүй,за ах минь би энд шүлгээ уншмаар байна гэвэл Ок,no problem гээд хэсэг хугацааны дараа эргэж ирснээ удахгүй чамайг зарлана шүү гэнэ.Бүх юм түүний хэлсэн ёсоор болж би бусдаас давуу эрх эдэлнэ.Шүлгээ уншсаны дараа яруу найрагчид бие биендээ баяр хүргэж ,урмын сайхан үгээр мялаана.Танай монгол хэл их хүчирхэг ,сонсголонтой эгшиглэнтэй юм гэх мэтээр тэд баяр хүргэж  гар барих зуур над мэтийг ингэж байгаа юм чинь манай жинхэнэ уран уншигчид,сэтгэлийн хөдөлгөөнөө элдэвлэн илэрхийлэгчид энд ирэх юм бол сүйд хийхнээ дээ гэсэн шүү юм бодон, хариу нахилзана. Манай тэр тэр ирвэл,тэгж ингэж уншина даа хэмээн төсөөлөхөөр зугаатай сайхан. Зарим нь шүлгийнхээ нэрийг сүрлэг чангахан шиг хэлчихээд  азнасхийнэ.Зарим нь дөрвөн мөр уншчихаад гар хөлөө савчин, агаар самардана.Бас зарим нь нэг амьсгаагаар дуржигнуулж хаячихаад гараад алга болно.Хэл ам нь дультраатан, найгасхийн унших нэгэн ч бий.Бидний энэ мэт ааш аягийг эд нар хэр хүлээж авах бол доо гэхчлэн элдэв зүйл эрээлжлэн бодогдоно.За тэгээд сэтгэлийн энэ сармагчин хаашаа үсрэн дэгдэж,хаана ойж буухыг хэн мэдлээ дээ.
“Яруу найргийн үдэш”-ийн хөтөлбөр ёсоор бид Македоны түүх соёлын дурсгалт газруудаар аялан шүлгээ унших ёстой.Тэр ёсоор аравдугаар зууны үед уулын бэлийн агуйг сүм болгосон Калиста сүмийн өмнө,Охрид нуурыг усан онгоцоор гатлан гэгээн Ноомийн хийдийн үзэсгэлэнт цөөрмийн дэргэд болсон Македон дарсны баярт оролцож,Македон үндэсний дуу хуур сонсон дарс тулгацгаан,уусан дарсныхаа тухай шүлэг бичэн уншицгаалаа. Энэ мэтээр бид маш олон сайхан түүх соёлын дурсгалт газруудаар аялан олон улсын яруу найргийн уншлагад оролцсон юм.Үйл явдлын  оргил нь Струга хотоос холгүй орших Охрид хотын ариун Софиягийн гэгээн билгийн сүмд энэ жилийн “Алтан титэм”-ийн эзэн Матэ Матевскийн илтгэл болоод түүний уран бүтээлийн онцлогийн тухай шүүмжийг сонсох байлаа.Энэ үеэр Македонд төдийгүй Европ даяар алдартай дуурийн дуучин Борис Траяанов баргил хоолойгоороо  хүнгэнүүлэн дуулав.Алдарт дуучин тэрээр  Германд болох тоглолтоо хойшлуулан байж ирсэн нь яруу найрагчдийг гүнээ хүндэтгэж буйн илэрхийлэл хэмээн хөтлөгч тодотгож байлаа.Тийм ч биз ээ.Мөн Македоны ерөнхийлөгч Георгий Иванов тэргүүн хатагтай болоод Соёлын сайдын хамтаар морилон ирсэн  байв.Энэ идэрхэн ерөнхийлөгч утга зохиол ,яруу найргийн өндөр мэдрэмжтэй, нэг л эрдэмлэг оюунлаг шинжийн харагдаад байлаа.  Хожим сонсохнээ Их сургуулийн багш  “таваариш” байж.
Түрүүнээс хойш миний Лий ах гээд байгаа эрхэм бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул хүн.Македон бүсгүйтэй гэрлэж,энд хорь гаруй жил амьдарч байгаа аж.Лийтов Намдагжанчив гэгч уран барилгач зураач энэ эр Македоны урлаг соёл,улс төрийн хүрээний дээдсүүд дунд ихээхэн нэр хүндтэй,хүн бүхэн л танимхайран мэндэлж байгаа нь бахархах сэтгэл төрүүлж байлаа.Бид энэ хүний авьяас чадвар,мэдлэг боловсролыг ашиглах хэрэгтэй байна.Македонд монгол хэлтэй ганцхан хүн тэр л байна,бас Монголд македон хэлтэй хүн түүнээс өөр алга.Жил бүр болдог Стругагийн яруу үдэшд оролцохоор ирж буй яруу найрагчид бүгд л номоо македон хэл рүү хөрвүүлээд ирдэг юм байна.Мөн 1971 оноос хойш эдүгээг хүртэл уг наадмыг зохион байгуулах хороо Олон улсын яруу найргийн түүврийг англи македон хэлээр орчуулан хэвлэдэг уламжлал тогтоожээ.Орос ,Польш,Америк,Грек,Египет,Хятад,Италийн шилдэг яруу найргийн түүвэр гэхэд л хоёр удаа хэвлэгдээд амжиж.Гэтэл манайх л таг чиг,ажин түжин. Лий ах бид хоёр долоо хоногийн турш хамт байхдаа түүний амьдралын сонин түүхийн зах зухаас сонирхлоо.Сургуульд орох нас нь болоход аав ээж нь түүнийг мал хунараа харж хандах хүн нь чи л үлдлээ гээд явуулсангүй.Тэр энэ шийдвэрийг эсэргүүцэж голын хөвөөнд аав ээжийгээ хичнээн аргадаж дуудсанч үл тоомсорлон өдөржин сууж өнжжээ.9О оны өлсгөлөн шиг л юм болж.Оройхон хэрд аав нь аргадаж гуйсаар үүрч дүүрч гэртээ авчирсан ч сургуульд оруулахгүй бол гэртээ орохгүй гэж гүрийснээр барахгүй гэр лүүгээ чулуу нүүлгэж эхэлсэн нь нь өнгөрсөн 7 сарын 1-тэй тун төстэй юм болж.Арга буюу аав ээж нь сургуульд явуулна гэж амласнаар энэ “үймээн” намжжээ.Арав төгсөөд Югославт сургуульд явахаар болоход мөн л хоёр хөгшин  нь дурамжхан байсан ч Лийтов хүү өөрийнхөөрөө шийдэв.Социалист гэддэг байсан ч барууны хэв маягтай харьцангуй чөлөөтэй Югославт сурч боловсорч ирсэн оюутан залуу Монголд анх удаа эстрад рок хөгжмийн үдэшлэг зохиож хууль хяналтынхны хараанд өртөн,үзэл суртлын хувьд тогтворгүй,”эсэргүү” нөхрийн тоонд бүртгэгджээ. Үргэлжийн дулаан зөөлөн уур амьсгалд илбүүлж,жилийн дөрвөн улиралд жимс цэцэгсийн хүрээлэнд умбаж байдаг дөнгөж төрсөн нялх биетэй Македон гэргийд нь Монголын тэсгим хүйтэн өвөл,нүүр нүдгүй балбах хаврын шороон шуурга хэтэрхий хатуудаж,хүүгээ аваад нутаг буцжээ.Жил гаруй хөөцөлдөж байж арай гэж эхнэр хүүхдийнхээ араас  очсон ч Монголын тусгай албаныхан бас мөрөөр нь мөшгөөд хүрээд  оччихно.Нуугдаж зугтан тэдэнд баригдалгүй үлдэж чадсан ч сэтгэл нь цаанаа л нэг айдас түгшүүртэй олон жил болжээ.Харин одоо бол Монголын иргэн харьяаллаа сэргээх юмсан,Македонд Монгол улсын өргөмжит консулын газрыг нээх юмсан гэсэн хүсэл горьдлого тээсээр явна.Дотнын анд С.Зориг агсан нь түүний энэ санаачлагыг идэвхтэй дэмжин хөөцөлдөж байсан боловч харамсалтайгаар амь үрэгдэж ,энэ ажлыг хамтран зүтгэгчид нь ч тэгсхийгээд мартаж орхижээ.Харин Лий ах мартаагүй явна.Ингэж энэ эрхэм хүнтэй танилцан ах дүү бололцож ,Македоны өндөр хөх тэнгэр доор тув тунгалаг Охрид нуурын усанд булхан,Дрим голын модон гүүрээр нааш цааш яван амьдрал ахуй, ажил төрлөө ярилцан ,үзэл бодлоо илэн далангүй хуваалцан суух сайхан байлаа.
                                                                                                  Т.Эрдэнэцогт
                                                                                             2012.08.27.Струга
                                                                                                      03.25.Улаанбаатар


         
                                        

2 comments:

  1. Hello!
    After visiting your blog, I invite you to join us in the "International Directory Blogspot".
    "International Directory Blogspot" is made of thousend of blogs from 135 countries. If you join us and follow our blog, you will have many more visitors.
    It's very simple, you just have to follow our blog, enter your Country and your blog url in a comment, and you will be automatically integrate into the Country list.
    We are fortunate to be on the Blogspot platform that offers the opportunity to speak to the world and to share different passions, fashion, paintings, art works, photos, poems.
    So you will be able to find in different countries other people with passions similar to your ones.
    I think this community could also interest you.
    We ask you to follow the blog "Directory" because it will give you twice as many possibilities of visits to your blog!
    Thank you for your understanding.
    Please follow our blog, it will be very appreciate.
    I wish you a great day, with the hope that you will follow our blog "Directory".
    After your approval to join us, you will receive your badge
    Regards
    Chris
    I follow your blog, I hope it will please you
    To find out more about us, click on the link below:
    http://world-directory-sweetmelody.blogspot.com/

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.