Tuesday, November 9, 2010

“хонгор зул” сонин. 1999 он 4-р сар Амьддаа бие биеэ хайрлахын учир буюу Очирбатын Дашбалбар

Төгөлдөр орчлонгийн найран дээр тунчиг олон хүмүүнтэй нүүр тулан уулзаж,мөр зэрэгцэн алхаж,нуруу түшилцэн сууж саруул мэргэн оюунд нь бишрэн ухаалаг үг яриаг нь чагнаархан байгаа минь “Эртний сайхан ерөөл” буй за.1991оны хавар цаг. Миний амьдрал,хувь заяанд нэгэн өөрчлөлт, эргэлт гарсан гэдэгтээ би одоо болтол эргэлздэггүй билээ.Тэр үед АУДуС-ийн оюутны байранд амьдарч байхад,яруу найрагч О.Дашбалбарын “Гэрэлт хайр” хэмээх шүлгийн номыг тасгаас тасагт гар дамжуулан уншин, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг”, “Бүсгүйчүүлд хэлсэн шүлэг”-үүдийг нь олон залуус бие биедээ цээжээр уншиж өгдөг байсансан. Хүсэн хүлээсэн ном минь удаж удаж манай тасагт ирэхэд, би өмчлөн авч,өөрийн ганц өв хөрөнгө болгосон юм. “Гэрэлт хайр”. Энэ л номноос би яруу
найргийн гэрэл гэгээ, ертөнц дахины утга учир,өөрийн болоод өрөөлийн сэтгэлийн гэрэл гэгээ,чанадын чанадад оргилон байсан аялгуу эгшгийг нээсэн билээ. “Гэрэлт хайр”-ыг уншаад шүлэг бичихийн жаргал зовлон, ном бүтээхийн сайхныг огт өөрөөр сэрж мэдрэн,өөрийн эрхгүй би Дашбалбар гэдэг хүнтэй уулзахын хүслэнд автаж эхэллээ. Олон шөнө нойр хугаслан сууж, сүүлийн гурван жилийн турш бичсэн шүлгүүдээ шинэ дэвтэрт хуулан бичихдээ аминдаа л голж шилэн түүвэрлэж, бас дээр нь түүний гүн сэтгэлгээ, ухаарал бясалгал,ариусал яруусал,хайр энэрэл,баяр гуниг найрсан зохирсон “Дорнын аялгуу”, “Хэлхээ шүлэг буюу эрхи” зэрэг бүлэг шүлгийг нь дууриалган хэдэн шүлэг биччихээд мөнөөх уулзахын хүслэнт яруу найрагчийн эрэлд мордлоо.МҮЧЗХолбоог сурагласаар очтол тэрээр байхгүй байв.Бүтэн хоёр гурван өдрийн эрэл бүтэлгүйтсэнд урам муутайхан буцаж явтал,өөдөөс минь ирж явах нь тэр.Би ч шүлгийн дэвтрээ ил гарган барьсаар амдаж очлоо…Чухам юу юу гэж хэлж мунгинаснаа санахгүй байна,Ямарч л байсан “Маргааш хоёулаа манайд уулзъя”гээд гэрийн хаяг утасныхаа дугаарыг өгсөн нь одоо ч миний дэвтэр дээр бичээстэй байдаг.Маргааш нь буюу 1991оны 3-р сарын 23ны өдөр.
Сүүтэй цайг нь оочлонгоо ур муутай өнөөх хэдэн шүлгээ уншиж гарлаа. Удаан чагнаж сууснаа, тэрээр Чингисийн тухай шүлгийн минь
“ Тайчуудад дарлагдан зовсон өнчин хөвгүүн
Тайчуудыг даран сөнөөсөн өрлөг жанжин”
гэсэн хоёрхон мөрийг дурдан “Энэ л мөрүүд онож дээ” гээд унших ном, уулзах хүмүүсийг минь зааж өгсөн юм. Өөрийнхөө хамгийн сүүлд бичсэн шүлгүүдээс уншиж “Монголын дуу хоолой” сонины шинэ дугаарыг надад өгөөд:
“ -Шинэ шүлэг бичихээрээ манайхаар ирээрэй” хэмээн намайг үдэж байсан нь өнөөдөр тэр үеийн шүлгийн дэвтрээ сөхөх зуур нүдний өмнүүр тодрон харагдаж сэтгэл зүрх минь уяран догдолж байнам.
Зарим хэрэгт гал мэт дээш бадрахын учир
Эртний Энэтхэгийн их сэтгэгч, номч мэргэн Нагаржунай 2000-аад жилийн тэртээ ийм нэгэн утга төгс сонгодог дөрвөн мөрт бичсэн нь өнөөгийн бидэнд өвлөн иржээ.
“ Зарим хэрэгт өвс мэт доош дарагдваас зохих
Зарим хэрэгт гал мэт дээш бадарваас зохих
Зарим хэрэгт зарц мэт хүчлэн явбаас зохих
Зарим хэрэгт уул мэт батад сууваас зохих”
Энэ бол сав шимийн ертөнцийн ухаант хүн зоны баримталсаар ирсэн одоо ч дагаж мөрдөх хойшид ч оюун ухаандаа тунгаан бодож явах ёстой алтан сургаал номлол билээ. Харин Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч, Уих-ын гишүүн Очирбатын Дашбалбарын “Гэгээн хайрын аялгуу” номынх нь өмнөтгөлд:
“Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ
Алив сайханаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийг харанхуй нүх рүү бүү түлх”
Энэ бол О.Дашбалбарын гүн ухаан юм. Энэ бол өнөөдрийн мэргэн тарни юм.Энэ бол шидэт үгсийн хураангуй юм” хэмээн ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч Ш.Сүрэнжав дуун алдан бичжээ. Яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолч, сэтгүүлч өнөөгийн олон залуус О.Дашбалбартай уулзаж үг яриаг нь сонсох хүсэлтэй байдаг юм. Тэрбээр биднийг дэндүү номхон хүлцэнгүй, идэвхгүй, ямарч урам зориггүй, урагшлах дэвших ухаан бодолгүй хий дэмий цэжээ дэлдэж хоосон дэвхцэж байгааг минь хараад урам нь хугарч, уурлаж учирлахыг хослуулан хэлье гэсэн үгээ хэлчихнэ.Тиймээ, түүний эх орончийн зүрх элгэн садан, монголоо гэсэн сэтгэл, билгүүн авьяасыг юугаар ч сольшгүй. Тэр бидний насан дээр монголын утга зохиолын ертөнцөд авьяас чадлаараа ааглан орж ирж “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуухай” зэрэг яруу найргийн ном туурвиж “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр”, “Номон дээр гишгэсэн алдас”, “Тусгаар тогтнолын дээд шүтээн”, “Энэрэнгүй их Будда” гэх зэрэг гал цогтой, эрэмгий дайчин олон нийтлэлүүд нь ард түмнийг сэрээн, уландаа гишгичин сүйтгэсэн уламжлалт өв соёлоо өөд нь татаж, бурхан шүтээнээ эргүүлэн залах үлэмж буянт үйлсийн эхийг тавьсан юм. Энэхүү сэтгэл зүтгэл, холч ухаан зориг зүрхийг хэн ч үгүйсгэн няцааж чадахгүй билээ. Очирбатын Дашбалбар шинэ үндсэн хууль батлалцаж, монгол газар нутгийн төлөөнөө амьдрал хувь заяагаа умартан зүтгэж, шашны хууль зохиолцож, шударга үнэний төлөө чанад сэтгэлийг барин тэмцэж явна. “Зарим хэрэгт гал мэт бадрахын” үлгэр жишээг өөрийн биеэр үзүүлэн, эргэн тойрны юм бүхэн эргэлзээтэй, ээдрээтэй, учир битүүлэг энэ цаг дор бүхий л зовлон шаналан гүтгэлэг доромжлолыг тэвчин эх орон, эгэл олныхоо төлөө чадах бүхнээ чармайн хийж буйг нь өнөөгийн түүх, шүүх хоёр үнэн цагаанаар ялган үлдэх учиртай. Түүний утга уянга төгс яруу найраг, хурц дайчин нийтлэлүүд нь тэр аяараа эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол, энэрэл нигүүсэл, хайр сэтгэл, зөн билгээр дүүрэн байдаг билээ.
“Хэсэгхэн газрыг бус орчлон ертөнцийг хайрлана
Хэдхэн хүнийг бус хүн төрлөхтнийг хайрлана…” хэмээсэн энэ найрагч
Дөрвөн зүгийн салхи нь сэрүүн сайхан сэвшээ
Дөмөнг дуулах морьтоны сэтгэлийн сайхан сэргээ
Дөлөн шовх уулсын наран оргилын гэгээ
Дөчин зууны уянгатай номин хөндийн бараа
Эртний нутгийн үргэлжлэл яруу гоо Дарьганга
Эргэн тойроны үзэсгэлэн-Ялгуун тансаг
эх нутгаа” эерүү зөөлөн хэмнэл энгийн хийгээд эгэл бусын дүр дүрслэлээр амилуулдаг юм. Дахин давтагдашгүй шинж чанартай уран хурц санаатай уран зураг, уянга эгшиг хослон зохирсон олон шүлгүүдийг уншигч авхай та “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд”, “Гэгээн хайрын аялгуу” зэрэг номнуудаас нь амтархан уншдаг билээ.
1994 оны хаврын эхээр О.Дашбалбарын санаачилсан яруу найргийн “ГУНУ” төв байгуулагдсан тухай яриа хот хөдөөгийн уран бүтээлч залуучуудын дунд түгэн тархаж тус төвийн цугларалтын үеэр дэлхийн сонгодог яруу найраг, тайз дэлгэцийн шилдэг бүтээлийн тухай халуун яриа өрнүүлж үе тэнгийнхэн бие биесийн үзэл бодол билэг авьяасыг таньж өөрөө чухам альхан талд нь яваагаа мэдэрсэн төдийгүй энэ төвийн ач буянаар урлаг соёлын зүтгэлтнүүд, бурхан шашны томоохон төлөөлөгчидтэй нүүр тулан уулзах завшаан тохиож билээ. Хааяахан надад үймээн шуугианаас ангид, атаа хорсол уур хилэнгээс хол хөндий зөвхөн гэгээн сайхны тухай үеийн хэдэн нөхдөдөө үзэл бодлоо харамгүй дэлгэн суух юмсан хэмээн бодогддог юм. Энэ бол “ГУНУ” төвийг дахин сэргээх гэсэн миний хүсэл бизээ.
“ Тэнгэр
Тэнгэр биш
Тэлж татсан даавуу
Цэцэг
Цэцэг биш
Бээрсэн хүүхэд”…гэх зэрэг нь яагаад ч
юм надад цайлган хөвүүний цагаахан инээд мэт санагдаж,
“…Чулуут бяцхан зөргөөр сэрүү татуулан алхахуй
Чун эрдэнийн одод навчис болгон дээр гялтайна
Тэнгэр бурхан уйлсан гэлтэй гэрэлт сувдан шүүдрүүд
Тэнд эндгүй цацагдаж энд тэндгүй бөнжийнө…”
хэмээсэн нь бурханлиг мэдрэхүйн чанадаас зөн билэг, сэрэмж сэрэхүйн мөнгөн шувуухай гэрэл гэгээ цацруулан нисэн ирж, сэтгэл зүрхэнд үүрээ засан жиргэх мэт аяа юутай гайхамшиг. “Дорнын аялгуу” хэмээх бүлэг шүлэг бол монголын утга зохиолын нэгэн их дөлгөөн тунгалаг хийгээд хүчирхэг мөрөн билээ.
“Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан
Үр ачдаа хүлээлгэж өгнө” хэмээн
Тэр нэгэн шүлгэндээ бичжээ.Энэ бол О.Дашбалбар гэгч хүмүүний амин хүсэл юм. Тэмцэл дуулал юм. “Өвс ногооны шивнээ, салхины сэрчигнээ, ягаахан үүлс, нутгийн бор толгод, уул ороосон улбар шар зам,эхээсээ төөрсөн янзага, намрын шувууд, одот ертөнцийн сэрэхүй, зөн билиг,цагийн давтамж, туйлын үнэн, мөнх бусын гуниг, агшин зуурын гоо сайхны гялбааг” мөр бадаг бүхэндээ шингээх чин хүсэлт, төгөлдөр билгүүнт яруу найрагчийг ухааран ойлгох л бидэнд үлдэж дээ. Амьд хүнд гагцхүү хайрлал хүндлэл хэрэгтэй.
Ерээд оны үеийн олон залуусын уран бүтээлийн зам мөрийг засч, бид ч түүнтэй багш шавь ахан дүүс бололцон, дэнлүү мэт гэрэлт дулаан үгсийг нь мөн ч олон удаа сонссон доо. “Зарим хэрэгт уул мэт батад сууваас зохихийн учир энэ буюу.
“ Олон амьтаны тулд чин сэтгэлийг дээдлэн
Огторгуйг эрхшээгч Ямандагтаа дорогш сөгдөн залбирмуу
Чадагчын эрхэт Улаан сахиусандаа өдөр шөнөгүй мөргөн
Чанга сэтгэлийг барин хатуу бэрхийг давьюу.
Доромжлуулах тусам би улам өнгө орно
Долоон бурхан од шиг улам тод гялалзана
Гүтгүүлэх тусам би улам өнгө орно
Гүн шөнийн ододшиг улам тод гялалзана.”
Энэ бол түүний “зарим хэрэгт өвс мэт доош дарагдваас зохихын” шалтгаан ажгуу. Одоогоос арван таван жилийн тэртээд бичсэн
“ …Адал муу үгийг хүнд хэлж амжина даа, дүү минь
Ашдын сайхан үйл бүтээх сэтгэлийн урмыг хугалахдаа чи
Амьтны сэтгэлийн эмзэгхэн мөчрийг цуг хугалжээ
Ариухан тэр мөчирт навчис сэрчигнэн, чи баясах байсан…
хэмээх энэ шүлгийг би “Гэрэлт хайр” номноос олж уншсан юм.Тэр үед бидний зарим нь хэлд орж ч амжаагүй байж дээ. Тэнгэрийн дор үгээрээ жадлалцавч, газрын дор бид тэврэлдэн нойрсох нь “Амьдрал”. Сайхан хүмүүс гол мөрөн мэт урсан одож, сайхь эрэг дээр нь бид уйлалдан хоцрох нь ч Амьдрал.
“ Амьтан бүхнийг алаггүй гийгүүлэгч нар биднийг харж байгаа
Амьтан бүхнийг алаггүй ариусгагч бурхан биднийг харж байгаа
Амьтан бүхнийг алаггүй тээгч дэлхий биднийг харж байгаа
Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.