Wednesday, March 2, 2011

ЭРДЭНЭЦОГТЫН ЯРУУ НАЙРГИЙН ОГТОРГУЙ

    Яруу найрагч шүлгэндээ ямагт дүүлэн нисч байдаг нь түүний сэтгэлгээний даль жигүүртэй холбоотой. Т.Эрдэнэцогт өөрийн яруу найргийн орчих орон зайг “Сэтгэлийн огторгуй” хэмээн нэрлэжээ. Түүний сэтгэлийн огторгуйд он цаг урсаж, эрх чөлөө дүүлж, хүлэг морьд давхилдаж, цаст уул суваргалж, од түгж, сар гэрэлтэнэ. Бас намрын хяруу жиндүүлж, цэцэг гандаж, сэтгэл гундана. Мөнх бусыг санагалзана. Тэгснээ бурхан Богдост тахил өргөж, хаан төрийн цагаан сүлдийг цэнгүүлнэ. Найрагч бээр сэтгэлийнхээ огторгуйд ийнхүү үй олон од эрхэс гэрэлтүүлнэ. Энэ нь Эрдэнэцогтын өөрийнх нь нэрлэснээр “Жаргалын хүрд эргүүлэхүй” юм. “Сэтгэлийн огторгуй” ном бүхэлдээ яруу найрагчийн сэтгэлийн үй түмэн долгис, бодлын зуу зуун шувууд, гуниглал эмзэглэл, хайрлал наманчлалын нислэг ажгуу. Яруу найрагч болгонд дотоод ертөнцийн дүр төрх буй бөгөөд Эрдэнэцогтын сэтгэлийн огторгуй бол их олон өнгөтэй, өндөр нам долгионтой өвөрмөц орон зайг илэрхийлэх ажээ.
    Яруу найрагч Г. Эрдэнэцогтын “Цав цагаан, цэв цэнхэр” /1998/ анхны шүлгийн түүвэр,
“Шүүрс алдахуй” /2002/ хоёр дахь түүврийг уншсанаа санахад тэрбээр шүлэг найргийнхаа огторгуйд чөлөөт нисэлт, эрх дураараа сэлгэлт хийж буй нь ажиглагдана. Үүнийг утга зохиол судлалд “Эрэл” хэмээн томьёолсон байх нь үзэгдэнэ. Гэхдээ миний бодоход оюун бодол, онгод урмын жигүүрээр чөлөөтэй зорчих дотоод ертөнцийн нисэлт дүүлэлт юм хэмээн ойлговол илүү зохистой.
    Яруу найрагч Т.Эрдэнэцогтын “Сэтгэлийн огторгуй” ном Английн орчуулагч Саймон Смитэд ойр дотно санагдаж түүнийг бүтнээр нь орчуулсан хичээл зүтгэлд миний бие гүнээ талархаж байна. Саймон Вэкхем Смит Монголын яруу найргийн эцэг болсон Д.Данзанравжааг орчуулж, суу билигт О.Дашбалбар, Д.Нямсүрэн нарын шүлгийн түүврийг, залуу үеийнхнээс хамгийн түрүүнд Ц.Бавуудорж, Т.Эрдэнэцогтын яруу найргийг олж харсныг би тохиолдол гэж бодохгүй байна. Орчуулагчийн билгийн нүдээр Т.Эрдэнэцогтын сэтгэлийн огторгуйд тэрбээр нэвтрэн оржээ. Нэгэн цаг үеийн, үе тэнгийн монгол найрагч, англи орчуулагч хоёрын оюун сэтгэлгээний солбицох тэр цэгт “Сэтгэлийн огторгуй” англи хэлнээ хөрвөжээ. Од эрхэсийн тохиол гэлтэй. Манай нэрт зохиолч, гүн сэтгэгч Дарма.Батбаяр нэгэнтээ хэлэхдээ Т.Эрдэнэцогтыг Тэнгэрийн хөвгүүдийн нэгэн байх хэмээжээ. Үүнтэй би санал нэгдэхийн хамт Саймон Вэкхем Смитийг ч бас тэрхүү тэнгэрийн хөвгүүдийн нэгэн хэмээн нэмж дурдсу.
    Хөх тэнгэрийн хөвгүүд сэтгэлийн огторгуйд зорчин нисэлдэн, уулзан нөхөрлөж, хүн төрөлхтний бичиг номын соёлыг хамтран бүтээлцдэг жамтай. Тийм сайн үйлсийн учрал тавилан бүхэнд мэхийн талархаж дэвхцэн баярламуу би.

2008.6.19
Г.Мэнд-Ооёо
Ном соёлын өргөөндөө

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.