Wednesday, August 11, 2010

“Манцуйны үнэртэй” манай нутгийн хавар…

“Сүрэнпаран аймгийн Улбоов сумын сүү тосны завуудаас хoёр бүтэн чацга хүргүүлэв. Хүлэн авсан Цэнд,хүлгэндээ үхсэн Шавар”.Бүх нийтээрээ шинэ бичиг үсэгт дөнгөж тайлагдаж байсан 50-иад оны үед манай сумынхан алдаатай бичдэг нэгийгээ шоолон цаашлуулсан нь одоо ч олны амны бай болсон хэвээрээ байна. Ер нь манай сумынхан их шооч,хэлэмгий доломгой, энгийн яриа хөөрөөг нь сонсоод байхнээ шүлэг уншаад ч байгаа юм шиг,жаахан халамцуу хоёр хүний яриа бол дайралцаа үг хэлэлцээд ч байх шиг. Халх,боржигон,дарьганга,асууд,жичин,буриад,барга гэх мэт олон овог ястнууд эв найртай амьдран суудаг энэ нутаг Орлой мэргэн хутагтын хоёр отгоос бүрдсэн Богдын Их шавийн харьяанд байжээ.Ардын хувьсгал ялсан жил орон нутагт шинэ засаг захиргаа байгуулагдахад Уулбаянмөнх уулын хошуу анх үүсэж 1929 онд Хан Хэнтий уулын Мөнххаан уулын хошуутай нэгдэж байснаа 1931 онд дахин байгуулагдан шинэ түүхээ бичиж эхэлсэн юм.Унасан газар угаасан ус ,анх орчлонд мэндлэхэд алгаа дэлгэн тосож авсан ард зоныхоо тухай бодох бүрийд сэтгэл зүрхний гүнээс уярал догдлол ундран хавийн хүнд гайхуулж яримаар санагдана.Халхын хавтгайд хаанахын хүлэг хурдлан агтны манлай түмний түрүү болж байна,Уулбаян сумаас угсаа гаралтай Орлойн зээрдүүдийн удамт алтан тууртууд л асрын өмнө торгон жолоо өргүүлсээр байна.Орлой мэргэн хутагт Ренчинбадам,Хүүхэншүүлэн нар хурдан морийг шинжин таньдаг, уяж хурдлуулахдаа үнэхээр мэргэшсэн хүмүүс байжээ.Бас Содов гэгч баян эр хурдан морь худалдаж авахдаа үнэ хайрладаггүй байсан гэдэг.
1930-аад онд Улсын наадамд баян Содов морь уяж ирэхэд Хэнтий аймгийн Галшар сумын Дагимэд мээрэнгийн хонгор зүсний хоёр үрээний соёолон нь түрүүлж,шүдлэн нь хорин хоёрт оржээ.Содов хорин хоёрт орсон шүдлэн үрээг нь Дагимэд мээрэнгээс алд хадаг,тавин лангийн мөнгөн ембүү,арван атан тэмээ,хоёр залуу морь,таван цэнгийн хоёр алтан бөгж,200 төгрөгөөр худалдан авчээ. Үүнээс хойш Содов уяачийн үйзэн хонгор,сул хонгор,шил хонгор,шөвгөр хонгор,цоохор хонгор зэрэг алдарт хурдан хүлгүүд улс аймгийн наадамд түрүүлэн уясан эзэн,унасан хүүхэд,хурсан олныг баярлуулж байсан гэдэг.Одоо ч манай суманд Борын Дондогийн босоо хонгор магнайдаа тоосгүй түрүүлсээр л байна.Монгол улсын алдарт уяач,Уулбаян сумын уугуул Норовын Бажаа Хэнтий аймагт арван дөрвөн түрүү,хорин таван айраг авсны дотор 1991 оны наадмаас нь гурван түрүү,хоёр айраг авч байжээ. Улсын алдарт уяач Ононгийн хээр ч Уулбаян сумын унаган хүлэг билээ.Манай нутгийнхан “хурдан хүлгийг хичнээн өндөр үнээр худалдаж авбал төдий чинээ хурдалдаг гэх ч юм уу баян хүний байдсан гүү,үгээгүй хүний үрээ азрага хоёрын дундаас хурдан хүлэг төрдөг” хэмээн хуучилдаг нь оргүй үг биш бололтой.Эдүгээ Мишигийн Банзар,Мантайн Халтар,Цагааны Шагдар,Борын Лхамсүрэн,Борын Дондог,Сайрийсүрэнгийн Төмөр-Очир зэрэг уяачид удам угсаагаа нэр төртэй залгамжилсаар байна.Ер нь Орлойн удамт аргамаг хүлгүүд орчлонг тойрох шандастай даа.Баян Содов гэснээс манай суманд “дэлхий даахааргүй” баячууд олон байжээ.Арван мянга гаруй толгой малтай
Шаравдорж Өндөрхааны САА-г байгуулахад найман мянга гаруй малаа өгч байжээ.Шуудхан хэлэхэд Шаравдоржийн хөрөнгөөр Өндөрхааны САА байгуулагдсан гэсэн үг.1929 оны тооллогоор мал малын захтай гэгдэх Самбуудагвынх 7800 гаруй,Содов,Чоймбол нар тус тус 8000 орчим,Дагвынх
5000орчим малтай байжээ.Малд нүдтэй гэгдэх Навааны Хайдав уран Доржийнд буугаад мордохдоо бэлчээр гүйцэхээ больсон олон бяруун дотроос ганц бяруу худалдан авчээ.Тэр бярууны үр төл нь цөм ихэрлэсэн гэдэг.Үнэхээр л малд нүдтэй хүн байж дээ.Мал маллах арга ухааныг үе удам дамжуулан эзэмшиж өнөөг хүртэл нутаг орондоо элбэг дүүрэн амьдарч яваа хүмүүс олон бий .Тэдний нэг нь Монгол улсын гавьяат малчин Д.Чулуун юм.Д.Чулууны хүүхдүүд бүгд л халуунд халж,хүйтэнд хөрч ,хатуу ширүүнийг цөхрөлтгүй туулан мал сүргээ өсгөн үржүүлсээр байна.Ажилсаг хөдөлмөрч хүмүүсийнхээ тухай тоочоод байвал мөддөө дуусахгүй ч ганц хоёр жишээ дурдахгүй өнгөрч болохгүй нь ээ.Гомбосүрэнгийн Содов гэгч жинчин эр Эрдэнэдалай вангийн хошууны төвөөс түүхий эд ачаад Жанчхүүд буулгаж,тэндээсээ гурил будаа торго дурдан аваад Улаанбаатарт буулгах алсын аяныг жилдээ хоёр удаа хийдэг байжээ.Хятад руу нэвтрэхээ болих үед мань эр Эрээнцав,Бооржид ачаа буулгаад хүрэн тэрэг зөөн Дорноговь,Замын-Үүд хүртэл аялдаг байсан бол Н.Жамба хорин наснаасаа эхлэн гучаад жилийн туршид арван долоон удаа Жанчхүү орж байсныг манай сумынхан бахархан ярих дуртай.Уулбаянчууд бидэнд бахархах зүйл бишгүйдээ олон.Хоёр дайнд оролцож явсан гавьяат тээвэрчин Б.Намхай,Н.Лувсаншарав,Л.Данигай,Г.Дамдингаа,Б.Цэрэндаш нар бол эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн хүмүүс.Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Т.Намжим монгол хүний оюун ухааны чадавхийг дэлхийд гайхуулж явна.Түүнийг залгамжлан эрдэмтэн доктор С.Шагдартовуу,Д.Энхболд,Д.Түмэнболд нар боловсрол шинжлэх ухааны салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Ардын жүжигчин Ш.Чимидцэеэ Монгол ардын уртын дууны гайхамшгийг ,монгол дуучны хоолойн цараа,авьяас билгийг дэлхийг тойрон бишрүүлж явна.Гавьяат дасгалжуулагч,улсын харцага Ч.Өвгөнхүү бол ХХ зууны манлай начин,ХХ1 зууны анхны харцага хүн.Улсын наадамд зургаан удаа зургаа давж цолоо батлан,самбо,жүдогийн дөрвөн удаагийн улсын аварга болж,үндэсний бөхийн аварга ,заан,начин олныг төрүүлсээр яваа багш сурган хүмүүжүүлэгч билээ.Энэ хүн Монгол бөхийн өргөөг босгоход зориулсан хандив цуглуулах их ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн бол Ардын жүжигчин Ш.Чимидцэеэ Монгол түмний их шүтээн Мэгзэд Жанрайсигийг сэргээн залах буяны үйлсийн тусын тулд Монгол орноо бүтэн тойрсон өглөгийн эзэд юм.Ч.Өвгөнхүү харцага 1969 оны Цагаан сарын барилдаанд начин цолтойдоо түрүүлэн ид хаваа гайхуулж явлаа.Уулбаян суманд төрж өсөн,Уулбаян сумын дунд сургуулиас эрдэм оюун ажил амьдралын гараагаа эхэлсэн урлаг соёл,нам төрийн зүтгэлтнүүд,эрдэмтэд,тамирчид хэзээ ямагт бидний хүндэтгэл бахархлыг төрүүлсээр байдаг.ГЯЯ-ны орлогч сайд,нэртэй орчуулагч,яруу найрагч Д.Чимддорж,анхны сум нэгдлийн дарга Д.Дашзэвэг,Л.Данзанчойдор, Г.Дамдингаа,О.Сандаг,Л.Данигай,хүндэт чекист Н.Лувсаншарав,хурандаа Л.Тэрбиш,С.Маналжав,Ж.Дашцэрэн,Л.Мантай,улсын сайн малчин
Г.Балдан,П.Данзан,Г.Гомбодорж,Ц.Төмөр,З.Жамба,улсын аварга саальчин Б.Өлзий болон бүхий л насаараа төр улсын төлөө зүтгэж явсан ахмад буурлууд Ч.Дарам,Д.Дугарсүрэн,О.Дамбажунай,Г.Гочоо,Н.Цэрэнжав нар хойч үеийнхнийхээ мөнхийн үлгэр дууриал болсоор байна.
Өвөг дээдсийн үеэсээ манай сумынхан дотор ном бурхны дэг жаягийг баримтлан,лам хуврагын сахил санваарыг гажуудуулахгүй сахидаг
хөдлөшгүй сүсэгтэй,буяны төлөө буцашгүй зүтгэлтэй бурхны шавь нар Орлой мэргэн хутагтын хүрээ,Орлойн хурдан даяанчийн хийд,Номун хааны хийд,Баруун Гаанжуурын хийд,Дөрвөлжингийн хийд,Боонгийн хоолойн хийдүүдэд шавилан сууж байлаа.Даяанчийн хийдийн хамба Хайдав,Рэнцэн оточ,Самбуу гэлэн,Балдан ширээт лам гээд олон түмэндээ хүндлэгдсэн ач тустай сайн лам нартай байжээ,бид.1990 онд Ю.Содномцэрэн,Б.Ласран,Л.Жамбалсүрэн,Г.Чинзээ,Т.Галсан,Чойсүрэн, Ойдов,Чүлтэм тэргүүтэй өтгөс буурлуудын хичээл зүтгэл,санаачилгаар Дэчинчойнхорлин хийдийг сэргээн босгосон нь бидний сэтгэлийн мухарт сүүмэлзэж байсан итгэл бишрэлийн зулыг дахин бадамлуулсан зүйрлэшгүй буянтай үйл болсон юм.Гандантэгчинлэн хийдийн ловон лам Б.Эрдэнэхүү 1995 оноос тус хийдэд Утай Гүмбүнгээс 108 боть Ганжуур залж Дэмэд суварга,мянган Санжидмолом,мянган Доржзодов,Ганжуур,Данжуурын хүрд,Бурхан багшийн дөрвөн суваргыг бүтээн,Чойрын дацанг битүү зүмбэрлэн барьсан нь мөнгөөр үнэлэхийн аргагүй дээдийн дээд өглөг буян болсондоо.
Ай даа,яг одоо миний нутагт урин цагийн зөөлөн салхи сэвэлзэн,нөмөр энгэр газрын цас цоохортож,баруун хойшоо хараад зогсож байгаа,хөхлийг нь боосон азраганы шинжтэй Баянмөнх уулын эргэн тойронд эргэл мөргөлийн зам тодрон дурайж байгаа даа.Энэ хайрханыг гаднын хүнд ээлтэй,тахиж шүтэж чадвал халуун дотно хүлээн авч бууршгүй буян заяаг нь дэлгэрүүлдэг хэмээн домоглон хэлэлцдэг.Бас талын дундаа ноёлог Жавхлант шарга буюу Алтан-Овоо гэж уран сайхан уул бий.Энэ уулыг нэгэн шинжээч хүний ганц хүү шүтэж явбал өлзий буян нь дэлгэрнэ хэмээн айлдсан гэдэг.Өөш, Билгэх,Хар тойром,Ходоодын говьд нар шаргалтан тунараад,Гурван цагаан булгийн нуруу,Гурван сайн худагаар дөрвөн цагийн эргэлтэнд багшран байдаг мал сүрэг налайсаар л байгаа.Тун удахгүй агь таана,гогод мангир,гоньд хөмүүлийн үнэр хамар цоргин сэнгэнэнэ.Манай нутгийн хаврын үнэр ёстой л “манцуйны үнэр” шиг мөн чиг сайхан даа.


МҮОНРТ-ийн редактор Т.Эрдэнэцогт

1 comment:

  1. сэтгэлийн цэнхэрлэгт ногооны униар хөшиглөөд ирэхээр өөрийн эрхгүй нутгийн зүг явмаар болдог. ай даа төрсөн нутаг гэдэг сэтгэлийн үзүүрээс мөнхийн аргамжаатай буюу. миний нутаг ч өдийд цэлийгээд мөнгөн гоёл нөмөрчихсөн тунгалагхан л байгаа даа.

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.