Sunday, September 5, 2010

Ээжийн үг


“Үгийн уургаар санааны морь барина” гэдэг амаргүй биз ээ.
Хүгийнхээ анхны номыг уншиж,сэтгэлийнхээ үгийг бичиж үлдээх ховорхон завшаан надад тохиолоо.Миний хүү 11 настай байхдаа анхны шүлгийг бичиж, хэнд ч уншуулалгүй зөвхөн ахдаа захианд хийж явуулсан боловч, хэнэггүй ах нь удаж удаж ирүүлсэн хариу захиандаа дүүгийнхээ тэр шүлгийн тухай нэг ч үг цухуйлгаагүй байсныг би энэ мөчид дурсан санаж байна. Дөрвөн жилийн өмнө “Ил товчоо” сонинд миний хүүгийн анхны шүлгүүд зурагтайгаа хэвлэгдсэн юм. Тэр үед би Дорнодод байлаа. Шүлэгтэй сониныг нь гадуур эрээд олсонгүй.Тэгэхээр нь аймгийн төвийн номын санд очиж уншлаа. Би гэдэг хүн анх удаа номын санд сууж байгаа нь тэр. Уг нь би хүүгээ лам болгох юмсан гэж боддог байлаа. Заримдаа эмч юм уу багш болговол дээр юм шиг санагдана. Харин өөрөө бол нисгэгч болно гэж үргэлж ярина. Өөрийн гэсэн зам мөртэй, өөрийн гэсэн дуу хууртай, өөрийн гэсэн ном судартай байна гэдэг сайхаан. Ном бүтээнэ гэдэг буяны үрийг тарихтай адил хэмээн би сүсэглэн бодож сууна. Өвөг дээдсийн үед манайх гэдэг айл ширээтэй хаас тамгатай хэдэн адуутай байлаа. Түүн лүгээ миний хүүгийн шүлгүүд “тамгатай” юм шиг танигддаг байх болтугай. “Үгийн уургаар санааны морь барина” гэдэг амаргүй биз ээ. Хүүдээ болоод уран бүтээлч анд нөхдөд нь жирийн сайхан амьдарч, жирийн сайхан бүтээл туурвиарай хэмээн ерөөж уран бүтээлийнх нь аяны харгуйг ээж нь сүүгээр мялаая. Эрсэн бүхнээ олж, олсон бүхэнээ олны хүртээл болгож байгаарай , миний хүү.
1998-2-9-ний билигтсайн өдөр
Ядамын Түмэн-өлзий
Ном эрдмийн цагаан мөр арвижин дэлгэрэг.

1 comment:

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.