Sunday, September 5, 2010

Аниргүйн ертөнц, түүний шүлэгч

Түмэн-Өлзийн Эрдэнэцогт бол 1990-ээд оны Монголын яруу найрагт дуудах нэртэй, дугуйлах буйртай залуусийн нэг. Түүний амгалан дөлгөөн, даруу байдал яруу найрагт нь нөлөөлж, аядуу намуун уянга, тунгалаг сэрэл мэдрэмж голлосонмонгол ахуй, монгол сэтгэлгээтэй, байгалийн дүр зургаар дамжуулан хүний сэтгэхүйг илэрхийлсэн богино шүлгүүд нь анхаарал татаж байна. Өөрийн үеийнхний эстрад маягийн шүлгүүд, хэлбэр голдуу хөөцөлдсөн хөнгөн дэврүүн байдлаас ангид нухацтай шүлгүүд нь энэ яруу найрйгч “ясны шүлэгч” гэдгийг нотолно. “Товчхон бичнэ гэдэг бол авьяастайн төрх” гэж А.П.Чехов хэлсэн. Түүний шүлгүүд товч бөгөөд тодорхой байгаа нь улигт урт шүлгүүдийн үерт автсан энэ цаг дор таатай санагдана. “Ганц морин хараацай тоно дээгүүр эргэлдэж”, “эвдэрхий сүмд амрагууд үнсэлцэж”, “удган үүл нярайлж”,
“халуун намараар цас бударсан” түүний ертөнц нь бүхэлдээ импрэсионист уран зургийн орчлон, түүгээр дамжин илрэх уйтгарт мэдрэмж, хачин жигтэй нам гүн орчлон юм. Яруу найрагч Т.Эрдэнэцогт “арван тавны сараар уулс өвгөрөх”-ийг мэдэрч, “Нэгэн цэцэг хийсэх мэт болов. Хаврын эрвээхэй” хэмээн харж, “өвгөдийн суудал эзгүйрнэ” гэж ухаарч, “хяруу тэвэрсэн цэцэг” мөнх усыг шивнэж буйг өгүүлдэг өмөрмөц авьяаслаг найрагч бүлгээ. Нас бие нь гуч өнгийж, нар сарны танил болон энэ найрагч “хус модод хөхөрч, навчсын судас тасрахыг” анирлаж буй нь яруу найргийн нандин ертөнцөд нэвтэрсэний шинж бөгөөд гоё үг хоосон хэлбэр, сүржин дуулианаас ангид жинхэнэ найрагч болохыг харуулж байна. “Туулайн хэвтэр эзгүйрэх, үүлэнд болжимор чичрэх, сэтгэлд зул бадамлах, эгчмид саран нүдээ аних, нугын салхи зөөлхөн гинших, чандгн одод гуниглах, сульдсан салхи цэцгийн дэлбээ хөдөлгөн үл чадах” Эрдэнэцогтын найргийн ертөнцийн үүдийг нээн, уншигч таныг урих завшаан тохиолдсон эл ялдамд зовиурт сэтгэл, нууцлаг орон зай, түгшүүрт аниргүйн шүлэгчийг танилцуулж буйдаа нэн таатай байгааг бас өгүүлье. Яруу найрагч өөрийн ертөнцийг бүтээдэг. Түүнийг сэрж мэдэрч, ойлгож, бясалгаж, ухаарч уншигчид бас яруу найрагчидтай хамт өөрийн сэтгэлдээ нэгэн шинэ ертөнцийг бүтээдэг жам буй. Тэр л учир “хөх уулс бууралтаж, халтар гүрвэл элс хээлж, модод оройгоосоо эхлэн шарлаж, эрээ санасан бүсгүй дэрээ норгож, морин сар, хулан зэрэглээ, туулай өдөр зэрэгцэж, нарны алтан мөчир дээр өмнийн шувууд сууж” буй түүний ер бусын ертөнцөд уншигч авхай тавтай морилогтун. “Би –сарны элч”, “Би-үүлсийн цуваа”, “Би-цас борооны дүрс” хэмээн өөрийгөө ертөнцийн орчил дунд ойлгосон яруу найрагч танд аниргүйн яруу найрагаа өргөн барилаа. Одоо танд болгоох эрх нь үлдэв.
Шүлэгчийг тэнгэр бурхан ивээх болтугай
                                                                                             Яруу найрагч Очирбатын ДАШБАЛБАР
                                                                                                                                               1998-4-17
                                                                                                                                     Улаанбаатар хот

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.