Sunday, September 5, 2010

САРНЫ ШҮЛГҮҮД

Тэр үдэш бороо орсон
Тэргэл саранд би
Хөлөө дүрж үзсэн…
Энэ бол яруу найрагч Т.Эрдэнэцогтын хайку шүлгүүдийнх нь ууган нь. Энэ шүлэг хэрхэн төрснийг би мэдэх билээ.
Нэгэн цэвэрхэн бүсгүй ангийнхаа самбар дээр “Тэргэл саран” гэж бичсэнээс үүдэн “Энэ хэвээрээ шүлэг бич” гэснээр бүгд тэргэл сарны тухай шүлэг бичицгээсний дотроос хамгийн сайн нь энэ шүлэг байсан юм. Чухам яагаад ийм шүлэг төрөх болсон шалтгааныг яаж ч мөшгөн хөөгөөд иш мухрыг нь олохгүй л болов уу.
Магадгүй ангийн охидын сор болгон үзэсгэлэнт бүсгүй тэр үгийг бичсэн болоод ч тэр байж мэднэ. Аль эсвэл яруу найрагч тэргэл сарны тухай мэдэрч, бодож явсан нь тэр өдөр боловсорсон ч байж мэднэ. Магадгүй бурхан тэнгэр ч түүнд зарлигласан байж мэднэ. Юутай ч энэ шүлгийг
Эрдэнэцогт бичсэн бус “төрүүлсэн” нь гарцаагүй. Ерөөс сайн шүлэг, тэр дундаа хайку бол төрдөг.
Тэр цагаас хойш хоног өдөр улирсаар… Шүлэг төрсөөр… мөн заримдаа бичигдсээр 1998 онд Эрдэнэцогт анхныхаа шүлгийн түүврийг “Цав цагаан, цэв цэнхэр” нэртэй гаргасан. Тэр номонд олон хайку бий. Тэр дотор:
Түнэр харанхуйд
Нохой хуцалдах нь
Сар гарах мэт гэсэн нэгэн хайку бий. Эсрэг зүйрлэл хэрэглэсэн шүлэг шиг санагддаг боловч би энд шүлгйин хийц бүтцийн талаар өгүүлэх гээгүй учир энэ тухай өгүүлэхийг түдгэлзье. Энэ шүлгэнд дахиад л сар. Сарны тухай хамгийн их бичдэг чруу найраг бол Т.Эрдэнэцогт. Түүнд:
Өвлийн сар
Бүгээн морьтой хүн
Холуур тойрох мэт
гэсэн шүлэг ч бас бий. Эрдэнэцогт бол сарны тухай хамгийн олон шүлэг бичсэн яруу найрагч төдийгүй сарны тухай хамгийн сайхан шүлэг бичсэн яруу найрагч. Түүний:
Үүр цайхын өмнөхөн
Сая жилийн чанадад буй
Саран дээрхи гөрөөсийг үзлээ.
гэсэн энэ шүлэг шиг сайхан шүлэг одоо хүртэл үзээгүй явна гэхэд хилсдэхгүй. Энд дорны домог сэтгэлээ, гүн ухаан, зөн совин бүгд бий.
Чухамдаа энэ шүлэг хэрхэн бүтсэн нь бас л нууц. Байж болох олон таамаглал дотроос бурхан тэнгэр зарлигладаг байх гэдэг тааврын магадлал илүү. Ер нь тийм ч болов уу. Яагаад хэмээвээс яруу найрагч гэдэг тэнгэрийн хөвүүн бөгөөд тийм хөвгүүдийн нэг нь Т.Эрдэнэцогт байх гэж би санадаг.
                                                                                                           Монгол Улсын Төрийн
                                                                                                                     шагналт зохиолч
                                                                                                                                        Дарма.Батбаяр
                                                                                                                                               2002.05.31

3 comments:

  1. mash goe setgeliin ugnuud bna. Batbayar gyai yg n manai angid neg jil hicheel orj bsiin, daanch neghen semistr bn bolohoor haramsaltai bn, teged l tugsuud, ter myndag huneer arai iluu olon tsag hicheel zaalgah bn yum, gehdee chamlahaar changa atga gdg dee, hehe,

    ReplyDelete
  2. saihan ug bichjee minii muu naiz dajgui blog neejee.Uuruusuu undur amjilt gargahiig husie.

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.